Бүрэгхангай сумын 1-р багийн нутаг “Ямаатын ам”-руу түрж байрласан Дархан, Бодь мод, Өвгөнт, Халзан, Сэрүүн, Тусгалт, Ногоон морьт зэрэг асга хад, ой мод битүү бүрхсэн сүрлэг уулс, даваанууд нь бие биенээсээ өрсөн өнгө юугаан тольдох мэт сүртэйеэ сүндэрлэнэ. Урд урдаасаа харан үүл, толгойгоо зөрүүлэн зогссон 5 адууны тод дүрс хааш хаашаа 500 метр орчим талбайд нуранги чулууны урсгал болж тогтохдоо жилийн дөрвөн улирлын өнгө, өнгөөр ялгаран тодорч байх нь илгэн дээр хадаж өлгөсөн уран зураг шиг харсан үзсэн хүний сонирхлыг татаж, хайрлан бишрэх сэтгэлийг төрүүлнэ. Ногоон морьтын аманд орших морьдыг байгалийн хосгүй бүтээл, урлагийн нэгэн төрөл болох “ланд арт” хэмээн тодорхойлсон нь бий.
Ногоон морьтын амтай холбоотой домгийг та бүхэнд хүргэхэд: Эрт цагт энэ аманд хөндий дүүрэн малтай, хөрөнгө, хогшлоо өвлүүлэх Даш хэмээх ганц хүүтэй нэгэн баяных он удаан жил нутаглан суусаар иржээ. Баяных нутаг усандаа жил дараалан шөвөглөдөг 5 насны 5 хурдан морьтой юмсанжээ. Нэгэн өдөр Даш хүү даншиг наадамд уясан 5 хурдан хүлгээ хойд уул руугаа залчихаад буцахдаа хормой дүүрэн хүнхээлийн толгой түүж ирлээ гээд аавдаа үзүүлэхэд аав нь хар модны боргоцой, ногоон өвс авчирсныг үзээд хилэгнэж хүүдээ “байсан газар нь буцаан аваачиж тавь” хэмээн хөөж явуулахад хүү залхуурч замдаа хаяж байхад нь түүнтэй бурхан тааралдаж уул усныхаа ургамал баялгийг дур мэдэн сүйтгэсэнд хилэгнэн “таван хурдан хүлгийг чинь хад болгон хувиргаад таниагүй авсан зүйлийг чинь санаснаар чинь болгож өгье, хайрлаж яваарай гэж хэлээд явчихжээ. Ингэснээр таван хурдан морь нь хад болон хувирч хүүгийн хүссэнчлэн ууланд нь хуш мод, халиарын хавтгай буй болжээ. Гэсэн сонин домог одоо болтол ам дамжин яригдсаар байна.
Сэтгэгдэл үлдээх