Түүхэн замнал


Image

Булган аймгийн ууган сум, 100 жилийн түүхтэй Бүрэгхангай сум нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад өөрчлөлт орж ардын засгийн газраас шинээр гаргасан нутгийн захиргааны дүрэмд орон нутгийн захиргааг арван гэр, баг, сум, хошуу, аймаг болгон хувиарлахдаа  1923 онд Түшээт хан аймгийн Жонон гүний хошууг Богд Хан уулын аймгийн Шажин-Бүрэг/Сазан Бүрэг/ уулын хошуу болгон Их дулаан, Баянхангай, Заамар гэсэн 3 сумтайгаар байгуулж хошуу даргаар мээрэн Жамьяндоржийг сонгожээ.

 Бүрэгхангай сум нь Улаанбаатар хотоос 265 км, Булган аймгийн төвөөс 86 км зайд оршдог. 349792 га газар нутагтай, үүнээс 282109 га нь бэлчээр, 10564 га нь хадлан 4361 га нь тариалангийн талбайд тооцогдож байна. Орхон ба Төв аймгийн Заамар сумтай хил залгаа оршдог. Тус сумын Бичигтийн голд Монголдоо томд тооцогдох хадны сүг зураг байдаг. Бүрэгийн нуруу, Дархан, Баянхангай, Шувуут, Их дулаан, Бага дулааны тахилгат хошуу 6 овоо, Шар хадны нуруу, Алтанга, Хутаг, Загзага, Эрдэнэ уул, Цоохор морьт зэрэг уулс, Орхон Туул зэрэг томоохон гол байдгаас гадна Ангирт, Шувуут, Бичигт, Хужирт, Хар бух гэх мэт 30 орчим гол горхи Булаг шанд, Дэлгэржаргалат, Ум, Хадат булгийн рашаанууд байдаг. Буга, бор гөрөөс, гахай, чоно, шилүүс, үнэг, дорго, туулай, тарвага зэрэг 20 гаруй ан амьтан мэрэгч байдаг. Хун, галуу, тогоруу, нугас, ангир, хөхөө, өвөөлж зэрэг нүүдлийн шувууд байдаг.Алтан гагнуур, бамбай, мэхээр, таван салаа, цээнэ зэрэг 20 гаруй төрлийн эмийн ургамлууд ургадаг. Дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн. Улаанбаатар хот хүртэлх замын 205 км нь хатуу хучилттай. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, Мобиком, Жи-Мобайл, юнителын үүрэн холбооны сүлжээ орсон.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх