Түүхэн дурсгалт газрууд


Image

Бүрэгхангай сумын 2-р багийн нутаг Орхон голын урд талд Хавиргагүй хайлааст хэмээх өвөрмөц сонин тогтоц бүхий нэгэн уул бий. Энэ уулыг нарийн ажиглавал баруун талаас нь ирт мэсээр тас цавчсан ч юм шиг, нэг харахад сүр бараатай байц сүрлэг энэ уулын өрөөсөн талыг өм цөм татаад аваад хаячихсан юм шиг. Мөн түүнээс нэг их холгүй газар мод чулуугүй нүцгэн “Сайхан толгой” гэж бий. Эртний нэгэн домогт “Эрт цагт монголын эзэн Чингис хаан бүх цэргийн хамт ан авлан яваад, Орхоны хойд талын хад асганаас 3 чулуу өргөн ирж тулга болгон тулж эхэлтэл зүүн урд зүгээс уулын чинээ бодон гахай ирж явахыг хараад саадаг нумаа шүүрэн авч харвахыг завджээ. Гэтэл цаанаас нь аварга могойн асар том толгой цухуйхаар нь эрчит нумаа эцэст нь тултал татаж бодон гахай аварга могой хоёрыг нэгэн сумаар устгаад, нум саадгаа хажуугийнхаа үйрмэгдүү улаан ягаан чулуу бүхий уулыг налуулахад хотолзон ганхаж байсан тул “Уушги” хэмээн, нөгөө талын уулыг налуулахад дажгүй даасан тул “Бэрх” гэж тус тус нэрлэсэн ажээ.

Нумны булцуу нь бодон гахайн тал биеийг аварга могойн толгойтой хамт тас татан унахдаа бөөн шороо овоолсон нь “Сайхан толгой” болж, бодонгийн нурууны босоо үс нь ой мод, тарж бутарсан үс нь бургас, хайлаас болон ургасан юм. Харин аварга могойн их бие баруун зүг шидэгдэж горхи болон урссан гэлцдэг. Тэр цагаас хойш бодон гахайн тал биеийг “Хавиргагүй Хайлааст”, Чингисийн өргөж авчирсан 3 чулууг “Чингисийн тулга” гэдэг болсон” хэмээн өгүүлдэг.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх