Түүхэн дурсгалт газрууд


Image

Бичигтийн голын адагт баруун гар талдаа зүүн хойшоо харсан багахан шиг элгэн улаан хаданд хар өнгийн будгаар бичсэн эртний бийрэн бичээс бий. Уг бичээсийн хэлбэрийг ХIII зууны үеийн монгол бичгийн хэлбэр болов уу? гэж таамаглан ярилцдаг. Энэхүү хоёр хэсэг бичигдсэн эртний бичээсийн эхэнд нь “Мөнх тэнгэрийн хүмүүн дур, хааны залийн эхэн дур” гэсэн ХII-ХIII зууны эхэн үеийн хаадын пайз тамгын үгийг давтан хэрэглэсэн байх агаад эхний хэсэгт хааны зарлиг бололтой зүйл бичиж төгсгөл хэсэгт нь “... Хорум балгасун ... тахиа жил бичүүлвэй” хэмээсэн байхад нөгөө хэсэгт нас барсан эрхтэн дархтай хүнд буян үйлдэх алдрыг мөнхжүүлсэн бололтой байдаг.

Юманд учир суманд гэчир буй нь мэдээж. Монголын түүх уран зохиолын дурсгал бичиг “Монголын нууц товчоо”-нд дурдсанчлан Чингис хаан найман, мэргэд аймгуудтай нэгдсэн монгол улсыг байгуулахын төлөө дайтаж Орхон, Сэлэнгийн сав нутгаар монгол морьдын тоосыг тэнгэрт тултал манаргаж, уухайн дуу өргөж явахдаа уужуу талбиун хөндий, усны арвиныг нь түшиглэн Орхоны захад хүрээлэн буудаллаж улмаар их ав хоморго зохиосон ч байж мэдэх юм. Нутгийн олны дунд ярилцах нь хоёр аварга хүчтэнийг нэг сумаар харван сөнөөсөн эзэн хааныхаа гавьяаг хаданд бичиж мөнхлөн үлдээсэн тул “Бичигт” хэмээн нэрлэсэн гэлцэнэ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх